10.11.2009

Ислам, Исламизм ба Терроризм 2

Шинэ залуу 21-дүгээр зуунд үүсээд буй Исламын ертөнц болон Барууны гэгдэх орнууд, тэр дундаа АНУ, хоорон дахь дэлхий дахиныг хамарсан хурц сөргөлдөөний цаад учрыг монголчууд бидэнд гэрэлтүүлж өгөх учиртай энэхүү нийтлэлийн нэг дүгээр хэсгийг өмнөх дугаараараа Ислам гэж юу яг юу вэ сэдэвтэйгээр уншигч олон та бүхэнд хүрсэн билээ. Энэ дугаарт нийтлэлийнхээ үргэлжлэлийг арабын ертөнцийн зарим хэсгүүд исламын шашинг хэрхэн улс төржүүлэн тэмцлийнхээ гол цөм зэмсэг болгож буй талаар хүргэж байна.


Улс төржилтийн шат дамжлагууд

Өмнөх хэсгийн сүүлд дурдагдсан 19 зууны сүүлчээр өрнөсөн исламын шинэчлэлийн хөдөлгөөний анхны залгамж үеийнхэн Барууныханд буюу тэдний санаачилсан орчин үежүүлэлт, шинэчлэл, хөгжил хэмээх ухагдахуунуудад ерөнхийдөө элэгтэй хандаж зөвхөн материалист суурин дээр төдийгүй мөн оюуны талбар дээр ч барууныхантай ижил талаараа нэгдэх эрмэлзэлтэй байж. Гэвч 20-дугаар зууны эхэн хагаст тэрхүү хөдөлгөөний дараагийн залгамж үе гарч ирсэн бөгөөд энэ үеийнхэний үзэл бодол колончлол, социализм, фашизм, дэлхийн эдийн засгийн хямрал, дэлхийн хоёрдугаар дайн г.м. энэ бүгдийн нөлөөн дор төлөвшсөн байж.
Йинхүү хөдөлгөөний анхны үеийнхэн Барууныхан болон тэдгээрийн ололтуудыг ерөнхийдөө үнэлж байсан бол дараагийн үе нь энэхүү хандлагад буюу Барууныхны нэвтрүүлсэн орчин үежүүлэлт болон хөгжил гэх бодлого баримтлалд эргэлзэж эхлэн материаллаг хүчин, оюуны тэр дундаа ёс зүйн дутагдал хоорондын томоохон орон зайг илрүүлэн шүүмжтэй хандах болжээ. Энэ үеээс л өнөөгийн ч улс төрийн исламд үргэлжлэн оршисоор буй Өрнөдийн материаллаг давуу хүч болон Дорнодын оюуны давуу хүч хоорондын аксиом эхлэлээ олсон гэж үздэг. Йим учираас энэ үеийнхэн өөрсдийн үйл ажиллагаанд соёлын асуудал тэр дундаа боловсролын талыг онцгойлон анхаарч, харин дан ганц улс төрийн чанартай шаардлага, идэвхжил ховор тохиолдолд тооцогддог байв. Энэ цаг үе дэх улс төрийн тэмцэл нь колончлолын эсрэг тэмцэл байсан ба энэ нь гол төлөв үндэсний далбаан дор явагдаж байсан бөгөөд зорилго нь колончлолын эзэд орнуудын тогтоосон хил хязгаар дотор ‘үндэсний‘ тусгаар тогтнолоо олж тогтооход л оршиж байв.
Гэвч энэ зорилгодоо хүрсэний дараа улс төрийн ч, эдийн засгийн ч хувьд тэдний ‘эх улсууд’-аас хараат байдалд үндсэн өөрчлөлт ороогүйн улмаас өнгөрсөн зууны хоёрдугаар хэсэгт үндэсний үзэл нь (прото-) социализмаар солигдох буюу нөхөгдөх үзэгдэл газар авчээ. Тэрхүү тухайн цаг үед бүрэлдээд байсан ‘хоёрдогч орнууд’ тэдэнд тус дэм, загвар жишээ бүхий Баруунаас ирж Дундад Зүүн болон Умард Африкт ноёрхлоо тогтоогоод байсан хүчнүүдийн эсрэг сөрөг хөтөлбөрийг амласан ч тэр нь мөн л нэгний хараат байдлаас ангижирч нөгөөхийн хараат байдалруу орсонтой өөрцгүй зүйл болон хувирчээ.
Гагцхүү энэ хүрээнд исламын шинэчлэгчдийн гуравдугаар үе эхлэлээ олсон ба ямар ч гадны хөтөлбөр баримтлалын эсрэг чанх зогсож, хөгжлийн гарцаар язгуур өв уламжлал бүхий исламыг эрхэмлэн сонгосон юм. Йинхүү Баруун нь хөгжил дэвшлийн эх байхаан больж, бүр эсрэгээр ‘өвчин‘ гэж тодорхойлогдон ‘нянгууд‘аа исламын ертөнцөд түгээсэнийг нь устган үгүй хийх зорилго газар авсан ба энэ байдал нь өнөөг хүртэл зонхилсоор ирсэн бөгөөд өөрийн орчин дахь гадны ч дотоодын ч чанартай бүхий л дутагдал гачигдал, шудрага бус байдалдаа Барууныг буруутгадаг зуршил биш зантай болжээ.

No comments: